Богемийн интерьер дизайн гэж юу вэ? *
Bohemian гэсэн нэр томъёо нь уламжлалт бус, уран сайхны гэсэн утгатай юм. Энэ ойлголт нь 19-р зууны Парисаас гаралтай бөгөөд Францын хөрөнгөтнүүдийн амьдралын хэв маягийг үгүйсгэсэн уран бүтээлчид хотын шинэ газар нутагт суурьшиж амьдрах болсонтой холбоотой. Эдгээр шинэ газруудад эд баялаг, нийгмийн статус гэхээсээ илүү бүтээлч байдал, уран сайхны илэрхийлэлд төвлөрч амьдрах болсон. Тухайн хэв маягийг Boho буюу Bohemian гэж нэрлэдэг. Энэ бол олон талт байдал, соёл, урлагийн эклектик холимог юм.
-Бохо дизайныг бүрдүүлэгч гол элементүүд юу вэ?
Олон төрлийн өнгө болон материалын холимог
Bohemian гэрийн чимэглэл нь тод өнгө болон хээ, анхаарал татам бүтэц, байгалийн материалаас бүрддэг. Түүнээс гадна энэ нь эдгээр элементүүдийг хольж шинэ хэв маягийг үүсгэх явдал юм.
Богемийн интерьерийн өнгөнүүд байгалийн хөрслөг өнгө ихтэй байдаг. Бохо стилийг бодоход байгаль эхийн олон сая жил бүтээсэн үнэт эрдэнийн өнгө гэх мэт гүн, баялаг өнгөнүүд төсөөлөгддөг. Энэхүү өнгөний палитр нь дулаан, эрч хүчтэй, тухтай орон зайг бий болгоход төгс төгөлдөр юм.
Энэ чиг хандлагат ихэднэ гэж байхгүй. Тиймээс орчин үеийн минималист хэв маягаас татгалзаж, анхаарал татахуйц өнгө үзэмж, хээ угалз бүхий өрөөг бий болго. Мөн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх материалуудыг хослуулахаа бүү мартаарай.
Бяцхан зөвлөгөө #1 Хөшиг, хивс болон буйдангийн дэр сонгохдоо байгаль дээрх тод эсвэл хөрслөг өнгөнүүдийг хослуулсан сонголт хийгээрэй. Хөшиг тань хөрслөг өнгөтэй байхад хивс тань өнгөлөг хээ угалз бүхий байх жишээний.
Бүгдийг хольж хутга
Богемийн хэв маягт хоорондоо таарч тохирохгүй гэж эмээдэггүй. Энэ нь эсрэг тэсрэг зүйлсийг хольж, илүү гэнэтийн, өвөрмөц хэв маягийг бий болгох явдал юм.
Boho орон зайг юу нь тийм адал явдалтай, бусад интерьер дизайны чиг хандлагаас ялгаатай болгодог талаар та бодож байсан уу? Энэ бол дуртай зүйлээ холих, хослуулах, тэгээд түүнээсээ таашаал авах эрх чөлөө юм. Таны зочны өрөө номонд гардаг интерьер дизайны дүрэм бүрийг зөрчихүйц хээ, өнгөөр дүүрэн байсан ч яахавдээ танд л таалагдаж байвал.
Та бохог өөр дуртай хэв маягтайгаа хослуулж болно. Жишээлбэл, та богемийн болон индустриал хэв маягийн аль нэгийг сонгож чадахгүй байна уу? Тэгвэл яагаад Industrial Boho дизайныг туршаад үзэж болохгүй гэж? Дундад зууны үеийн тод өнгө загвар бүхий засал таалагддаг ч бохо засал хийхийг хүсч байвал дундад зууны хэв маягийг бохотой холиод үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна .
Мэдээж ГЭРИЙН УРГАМЛУУД
Бохо орон зайг төгс бүрдүүлэхэд гэрийн ургамал зайлшгүй шаардлагатай. Тиймээс гэртээ арчлахад хялбар олон төрлийн ургамлыг нэмж оруулахыг хичээгээрэй, хэрэв та үслэг найзуудтай бол гэрийн тэжээвэр амьтдад ээлтэй ургамал сонгохоо мартуузай.
Ургамлаа байрлуулахдаа хангалттай нарны гэрэл үзэж байхаар цонхтой ойрхон зайг сонгох хэрэгтэй. Хүсвэл та ургамал цэцэгсийн жаазтай хатаамлыг декортоо ашиглаж бас болно.
Бяцхан зөвлөгөө #2 Танд гэрийн ургамлаа арчлах хангалттай цаг зав байдаггүй бол арчилгаа багатай мөнхрөө, удамбор, долларын мод зэргээс сонголтоо хийгээрэй.
Аяллынхаа сувинеруудыг одоо л ашиглах хэрэгтэй
Богемийн декорт олон талт байдал, соёл болон урлагийг хослуулсан байдаг тул аяллынхаа үеэр авсан зүйлээ яагаад оруулж болохгүй гэж? Аялал нь бидний алсын харааг тэлж, насан туршдаа үлдэх дурсамжийг бий болгодог тул бэлэг дурсгалын зүйлсээ бахархалтайгаар дэлгэн үзүүлснээр таны бохо орон зайг хэрхэн өөрчлөхийг хараарай. Жишээлбэл, та аялалдаа сагс, малгай гэх мэт зүйлсийг цуглуулж ханаа чимэглэж болно.
Бяцхан зөвлөгөө #3 Алс хол газраас ирсэн нандин зүйлсээ музейд байдаг шиг нэг л хэвийн байдлаар байршуулалгүй ханан дээр юмуу өрсөн номнууд дээр байвал бүр ч тасархай шүү.
Гар хийцийн эд зүйлс болон Vintage(Хуучны/Хуучин) тавилга сонгоод үзээрэй
Монголчууд бид хүний хуучин юм ашиглахгүй гэж ярих их дуртай гэвч яагаад болохгүй гэж? Байгальд ээлтэй бас vintage тавилгууд гэрийг илүү донжтой харагдуулдаг.
Орон нутгийн эртний эдлэлийн дэлгүүр эсвэл гар хийцийн бараа худалдаж авах боломжтой хаанаас ч бохо чимэглэлийг хайж олох боломжтой. Vintage болон гар хийцийн эд ангиуд нь бусдаас ялгарах бөгөөд таны богемийн интерьер дизайныг илүү донжтой болгоно.
Богемийн орон зайд тань гар хийцийн объектууд орж ирснээрээ илүү амьд, байгаль дэлхийтэй ойр мэдрэмж өгөхөөс гадна түүнийг урласан хүний сэтгэл шингэсэн нь мэдрэгдэхээс тухайн зүйлийн үнэ цэнэ оршино. Олон тоогоор үйлдвэрт үйлдвэрлэснээс илүү хүний гараар бүтсэн эд зүйлс сэтгэлд илүү хүрдэг шүү дээ.