Хэрэв та гэрээ шинээр тохижуулах гэж байгаа бол шинэ тавилга авах, үнэтэй урлагийн бүтээлд мөнгө үрэх эсвэл будгийн багс шүүрч авахаасаа өмнө түр хүлээгээрэй. Та өөрийн гэрийн дотоод заслыг өөрчлөхөөр шийдсэн бол зайлшгүй их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй.
Хэрвээ та аль нэг өрөөгөө юмуу гэрээ бүхэлд нь шинэчлэх талаар бодож байгаа эсвэл цөөхөн хэдэн зүйлсдээ өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол дараах зөвөлгөөнүүдийг нэг уншаад үзээрэй. Багахан мэт боловч гэрийг тэр чигт нь чимж халуун дулаан уур амьсгал төрүүлэх өөрчлөлт том байдаггүй харин жижигхэн деталиас л харагддаг.
1. Дэр:
Буйдан дээрх дэрнүүдээ зөвхөн буйдангийн өнгө дагуу гэлтгүй өрөөний эд хогшлын өнгөтэй ижилсүүлж болно. Жишээлбэл, ерөнхий өнгө нь хөх буйдан дээр зөвхөн өнгө дагуу хөх өнгөний кодтой дэрнүүд байрлуулахаас гадна ханан дээрх уран зургийн неон шар өнгийг оролцуулж болно. Энэ нь өрөөний эд хогшил буюу ханын уран зураг болон буйдан хоёрыг холбож өрөөг нэг бүхэл бүхий тохилог орон зай гэсэн мэдрэмжийг өгнө. Хоёр дахь арга бол дэрний өнгөөр тоглолт хийхээс илүү янз бүрийн материалыг ашиглах арга юм. Жишээлбэл, энгийн давуун ууттай дэрний хажуугаар үслэг, тааран, нэхээстэй, сүлжмэл гээд олон төрлийн материал бүхий дэрнүүдийг буйдан дээрээ байрлуулж болно. Гурав дахь арга бол нэг өнгөний код сонгоод түүн дээрээ янз бүрийн хээ угалз оролцуулах юм. Жишээлбэл, цайвар бор өнгөний код сонголоо гэхэд дан цулгуй цайвар бор дэрнүүд байршуулахын хажуугаар ижил өнгөтэй ч дээрээ хэрээсэн хээ, зиг заг хээ, шулуун зураастай гэх мэт хээтэй дэрийг байршуулж болно. Дөрөв дахь арга бол бөөрөнхий дэрийг дөрвөлжин дэртэй хослуулах энгийн арга юм.
2. Жаазтай зураг:
Өөрийн эсвэл хайртай хүмүүсийнхээ гэрэл зургийн гоёл чимэглэлийн нөлөөг дутуу үнэлж болохгүй. Тэд гэрт тань гайхалтай уур амьсгал бүрдүүлэх болно. Бид зураг хэвлэхэд цаг заваа гаргах нь ховор, гэхдээ энэ бол таны заавал хэрэгжүүлэх хэрэгтэй жижиг дизайны зөвлөмж юм. Гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн сайхан дурсамжууд, мэргэжлийн фото студид авхуулсан зурагнууд эсвэл очихыг хүсдэг газар, харах дуртай зүйлсийнхээ зургийг жаазлаад хоосон орон зай бүхий хана юмуу тавиур дээрээ байршуулахад л болно.
3. Гэрийн ургамал:
Ойрын жилүүдэд интерьер дизайнд тасалгааны ургамлыг ашиглах нь элбэг болсон. Энэ нь сэтгэл зүйн болоод хүний ерөнхий бие физиологид эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй гэрт тань хамгийн сайхан уур амьсгал бүрдүүлэгч болж чадна. Гэрийн ургамлыг олон янзаар ашиглаж болно. Хоосон булангуудад өндөр савтай ургамлынхаа хажууд жижиг ширээ, тухтай сандал байршуулаад кофены булан болгоод ашиглачихаж болно. Танд яах учраа олохгүй хоосон булан тохой байвал өндөр ургамал байршуулаад үзээрэй. Гэрээ номын сан шиг харагдуулахыг хүсээгүй л бол яагаад номнуудынхаа хажуугаар жижиг савтай усалгаа бага шаарддаг ургамлаа тавьчихаж болохгүй гэж? Мэдээж ургамлаа усалсан ус маань гоожоод номнуудыг маань муухай болгочихвийдээ гэж та айж байж магадгүй. Тэгвэл шүүст кактус, цөлийн кактус зэрэг усалгаа багатай, жижиг савтай ургамлуудыг сонирхоод үзээрэй. Энэ мэтчилэн ургамлаар гэрээ тохижуулж болох бөгөөд удахгүй шинэ нийтлэлээр улам дэлгэрэнгүйг оруулнаа 🙂
4. Толь:
Өрөөнд толь байрлуулснаар гэрэл ойж өрөөг гэгээтэй харагдуулахаас гадна өрөөний эд зүйлс толинд ойж тухайн орон зайг илүү том цэлгэр харагдуулдаг. Богино коридорын төгсгөлд өндөр шалнаас тааз хүртэлх толь байршуулснаар тухайн коридорыг илүү урт сэлүүхэн харагдуулах боломжтой.
5. Хөшөө баримал:
Хэрэв та хээ болон өнгөнд дуртай бол өөрийн дуртай хэлбэр дүрс, өнгө бүхий баримлыг гэрийнхээ номын тавиур юмуу хоосон орон зайдаа илүү их өнгө нэмэх зорилгоор байршуулж болно. Интерьер дизайнерууд номын тавиур эсвэл консолын ширээгээ сайхан болгох арга замыг хайж байхдаа жижиг, өнгөлөг баримал нэмэхийг санал болгож байна. Зайлшгүй үнэтэй бас утга учиргүй барималд мөнгөө зарцуулахыг хүсэхгүй бол өөрийн гэр бүлийн удам дамжсан дурсамж бүхий зүйлсийг байршуулаарай. Өнгөрсөн жилүүдэд хүмүүс коронавирусын улмаас аялж чадахгүй байсан ч ойрын хугацаанд их аялах болсон. Аяллынхаа дурсамж шингэсэн сувинеруудыг том өрөөний ширээний голд, үүдний жижиг комодон дээр, эсвэл телевизорын консол дээр байршуулж болно шүү. Эдгээр зүйлс таны гэрийг илүү сонирхолтой амьд харагдуулахаас гадна утга учиртай байх болно.